Tuesday, June 26, 2012

"Элсэн цаг"


Далайн ус цалгих чимээнээр
Би сэрчихлээ...

Цахлайн цангинах дуунаар

Би сэрчихлээ...

Тасарсан товчны нүхээр

Хөхний толгой бултайна

Тарсан дотоож элсэн дээр

Цагийн зүү шиг эргэлдэнэ

Салхи үнэрийг үлдэн хөөхөд

Амрагаа би саналаа...

Сайхан дурсамж харихын даваан дээр

Амрагаа би саналаа...

Алганы мөр, хөлийн ормыг элс дүүргэн дүүргэж

Алдсан цаг хугацааг айсуй мөч нөхөн нөхөж

Тэнгисийн ус түүнийг минь угаажээ...

Толгойд минь мөнгөн үс нэгээр нэмэгджээ...




/Зохиогч: Дусал Үг/

"Би ганцаар"



















Ганцаардлыг би гартаа бариад явдаг

Гадаа жихүүнд түүнтэй хамт алхдаг

Гэрэлгүй гудамжинд сүүдэр шиг тэр дагаж

Гиюүрсэн надаас хором ч үл салдаг



Ганцаардлаас би гунигийг олж хараагүй

Гүн худгийн ёроол руу өнгийвч

Гайхал хар нүх л үзэгддэг шиг

Гагц түүнийг өөрийг нь олж хардаг



Ганцаардлыг би чамаас ч, түүнээс ч,
Гэнэтийн учрал, содон тохиолоос ч,

Гай гамшиг үхэл хагацлаас ч ололгүй

Гагц өөрөөсөө олдог болохоор



Ганцаардалд хэрэв хаан байдаг бол

Гарцаагүй тэр нь би байж таарна

Ганцаардалд хэрэв эцэс бий бол

Гарцаагүй тэр нь үхэл байж таарна

















/Зохиогч: Дусал Үг/

"Улангасал"


Өөдгүй жаал дотор минь орчихоод

Өр рүү өшгичих шиг

Өтөл эр үснээс зуурчихаад

Өөр ертөнц рүү чангаах шиг

Бяцхан охин мөрөн дээр сандайлаад

Бүүвэйн дуугаар ховсдож байх шиг

Бүгд тэгснээ замхран одоход

Бодлоос өөргүй орь бие хоцрох шиг



Өтгөн царс ойгоор шургачин би гүйнэ

Өмнөх замыг харахгүйдээ бүдчин унана

Өвдөг шалбарч цусаа савирууллаа ч

Өвчинд идэгдсэн бие мэдрэхээсээ өнгөрч

Бургас мөчир гарт галбиргүй дүрс сийлж

Бошинзны хормойг хэрцгийгээр тасар татан

Буруу замд садаа хийхийг санаархавч

Буг шүглэсэн бие минь зогсохоосоо өнгөрч.


Айдас жихүүдэстэй анд бололцож

Амьгүй бүхэнтэй хань бараалж

Аз жаргал баяр талархлыг умартаад

Араатан адил улангасан давхина

/Зохиогч: Дусал Үг/

Аялал гэдэг миний хувьд..

Аяллын утга учир нь буцаж ирэхдээ байдаг.  Эхэлсэн цэгтээ эргэн ирэх.  Харьж очоод догдлон хуваалцах гэж харах, хүрэх, амтлах бүх мэдрэ...