/Увайгүй улс төрчийн дууль/
Хөдсөн дээлтэй үхэрчин эр
Хөдөө талд төөрч явааг үзлээ
Хайргат голыг эрэн эрсээр
Хатаж анган бэдрэхийг харлаа
Өтгөн шивээ дундах өнчин шоргоолжийг ч
Үлдээлгүй бүгдийг мэддэг ногоон тал нь
Өдгөө харин хувхай цайгаад, танихын аргагүй
Үл мэдэх газар орон болсонд гайхаш тасрав
Холын гийчин ирэхийг санууланхан донгоддог
Хөхөө шувуу харин одоо өөрийг нь үзээд
Харийн хүн ирж явна хэмээн
Хавь ойрынхонд цуурах шиг болов
Хариулж явдаг өнөө хэдэн үнээ нь
Хань бараагүй одсоныг гэнэт хачирхав
Халтар цагаан үнээгээ
Хайрланхан тэр дурсав
Хоолойд нь тэгтэл том юм тээглээд нүд аргааж
Хий өөд огшин хэрхэрлээ гэтэл өөрөөсөө цочив
Хүн биш үхэр мөөрөхийг сонсоод
Хэдэн үхрээ залгиж орхисноо санав
Далыг нь мөлжиж, гуяыг нь чанаж
Долоон үхрээ тогоонд буцалгаж идсэн
Дурсамж алсарч, дүүрэн ходоод дундрахад
Дуугүйхэн ганцаар тэр мэгшиж суув
Үгийн зоргоор сажилж явдаг үнэнч үхэр сүрэг нь
Өтгөн баас болоод цувралдан гарав
Хариулах сүрэггүй хоцорсон үхэргүй үхэрчин эр
Хэн ч биш, хэн ч үгүй болж хоцров
Хөдсөн дээлтэй үхэрчин эр
Хөдөө талд төөрч явааг үзлээ
Хайргат голыг эрэн эрсээр
Хатаж анган бэдрэхийг харлаа
BY: DUSAL UG
Artwork credit:
Symbol and Satire in the French Revolution by Ernest Flagg Henderson, 1912.
