Monday, February 10, 2014

Хар цагаан

Би хар цагаан гэрэл зурганд дуртай
Хар даашинзаа сувдан зүүлтээр гоёх дуртай
Харанхуй үдэш сарны доор алхах дуртай
Хар цагаан бүхэнд би хачин их дуртай

Хархан нүдний цагаахан цөцгийг ширтэхдээ би дуртай
Хар зам дээр цагаан машин давхихыг үзэх дуртай
Хайрттайгаа хуучны кино үзэж тэврэлдэн суух дуртай
Ай даа, хар цагаанд бүхэнд би хачин их дуртай

Би хаврын урь орж, харз ус урсахад
Хайлаагүй үлдсэн цасыг үзэхдээ дуртай
Хүлээн авалтанд намайг урьсан болзоот залуугаа
Хар хослол цагаан зангиатай нь харах дуртай

Орчлонгийн хар цагаан юм бүхэнд би дуртай
Халгуу зовлон дундаас жаргалын хэлтэрхийг хайж
Хатуу үгсийн борооноос магтаалыг нь шигшихдээ дуртай
Хань нөхдийн үхлийг үзээд хажууд үлдсэнээ хайрлах бас дуртай

Хааяадаа би хар цагаанаар орчлонг харж
Харсан бүхнээ тэгээд магтан дуулах дуртай
Хоёр нүдэндээ нулимс тороон байж инээхдээ би дуртай
Ай даа, хар цагаан бүхэнд би хачин их дуртай

Зохиогч Дусал Үг


Би мөрөөдөхийг болиод удаж байна

Би
Мөрөөдөхийг болиод
Удаж байна
Мөдхөн ирэх маргаашийг ч
Хүлээхийг болиод
Удаж байна
**********************************************************
Миний инээмсэглэсэн цорын ганц зураг
Мөнгөн жаазтайгаа тоосонд дарагдаад
Удаж байна
Зураг шигээ, мөн адил инээмсэглэл минь
Зуу зуун үрсчлээст дарагдаад
Удаж байна

Чиний дуртай даашинз, эрвээхэйд идэгдээд
Чиний эзгүй гэрт, намайг л тавлах гэсэн шиг
Нүдний үзүүрт хөсөр хэвтэхийг харсаар
Нүдний минь гал буураад бас л нилээдгүй удаж байна

Өнөөх пянз, тэр л шөнө тоглуулсан янзаар
Өдөр өдрийн уртад зурагдсаар хөгөө алдаад удаж
Сийчигдсэн зураас бүрийг хуруугаараа тэмтэрч,
Сэмэрсэн зүрхэндээ хань татах болсоор би удаж
*********************************************************** 
Би
Өвдөөд
Удаж байна
Өөр хүнтэй
Үг солилгүй
Удаж байна

Үүд өөд ширтэж, үрээ хүлээх эмээ шиг,
Өнчирч бэтгэрсэн асрамжийн хүүхэд шиг
Ингэж өвдөөд удаж байна
Өөрийгөө толинд ч харалгүй удаж байна

Тамхи татаж, архийг ч уухаа больсон
Тэр зэрэгт намддаг өвчний зэргийг хол давсан
Танилтайгаа ч үг солихыг больсон
Танихгүй хүн шиг зөрдөг болсон, үнэндээ
*********************************************************** 
Би ийм өөр болсон
Бидний тэр өдрүүдээс тэс ондоо болсон
Бид одоо таарвал, бараг
Танихгүй өнгөрөх байх аа чи

Би тийм л өөр болсон
Бүхнийг хэвээр нь авч үлдэх гэсээр,
Байсан, яг л тэр чигээр нь зогсоох гэж аргаа барсаар
Баллуур адил цаг хугацаанд арилахгүй сан гэсээр

Өөрчлөгдсөн
Өөрчлөгдөхгүй гэж үхэн, хатан,
Өнгөрсөнтэйгээ зууралдан байсны эцэст
Өөрийгөө танихгүй болтол ийн өөрчлөгдөж орхисон

Харин чи, өөрчлөгдөө болов уу
Хамгийн сүүлд над өгсөн харц чинь,
Хархан нүдний гүн дэх гэгээн гялбаа чинь,
Хайр чинь,.. өнөө янзаараа болов уу
************************************************************
Би маргаашийг хүлээхийг болиод удсан шигээ
Магад ойрноос чамайг ч хүлээхийг болих нь шиг байна
Мөрөөдөхөө больсон шигээ, өнгөрснөө ч дурсахаа болих нь байна
Учир нь би өвдөөд дэндүү удаж байна...














/Зохиогч Дусал үг/




Аялал гэдэг миний хувьд..

Аяллын утга учир нь буцаж ирэхдээ байдаг.  Эхэлсэн цэгтээ эргэн ирэх.  Харьж очоод догдлон хуваалцах гэж харах, хүрэх, амтлах бүх мэдрэ...