Monday, February 10, 2014

Би мөрөөдөхийг болиод удаж байна

Би
Мөрөөдөхийг болиод
Удаж байна
Мөдхөн ирэх маргаашийг ч
Хүлээхийг болиод
Удаж байна
**********************************************************
Миний инээмсэглэсэн цорын ганц зураг
Мөнгөн жаазтайгаа тоосонд дарагдаад
Удаж байна
Зураг шигээ, мөн адил инээмсэглэл минь
Зуу зуун үрсчлээст дарагдаад
Удаж байна

Чиний дуртай даашинз, эрвээхэйд идэгдээд
Чиний эзгүй гэрт, намайг л тавлах гэсэн шиг
Нүдний үзүүрт хөсөр хэвтэхийг харсаар
Нүдний минь гал буураад бас л нилээдгүй удаж байна

Өнөөх пянз, тэр л шөнө тоглуулсан янзаар
Өдөр өдрийн уртад зурагдсаар хөгөө алдаад удаж
Сийчигдсэн зураас бүрийг хуруугаараа тэмтэрч,
Сэмэрсэн зүрхэндээ хань татах болсоор би удаж
*********************************************************** 
Би
Өвдөөд
Удаж байна
Өөр хүнтэй
Үг солилгүй
Удаж байна

Үүд өөд ширтэж, үрээ хүлээх эмээ шиг,
Өнчирч бэтгэрсэн асрамжийн хүүхэд шиг
Ингэж өвдөөд удаж байна
Өөрийгөө толинд ч харалгүй удаж байна

Тамхи татаж, архийг ч уухаа больсон
Тэр зэрэгт намддаг өвчний зэргийг хол давсан
Танилтайгаа ч үг солихыг больсон
Танихгүй хүн шиг зөрдөг болсон, үнэндээ
*********************************************************** 
Би ийм өөр болсон
Бидний тэр өдрүүдээс тэс ондоо болсон
Бид одоо таарвал, бараг
Танихгүй өнгөрөх байх аа чи

Би тийм л өөр болсон
Бүхнийг хэвээр нь авч үлдэх гэсээр,
Байсан, яг л тэр чигээр нь зогсоох гэж аргаа барсаар
Баллуур адил цаг хугацаанд арилахгүй сан гэсээр

Өөрчлөгдсөн
Өөрчлөгдөхгүй гэж үхэн, хатан,
Өнгөрсөнтэйгээ зууралдан байсны эцэст
Өөрийгөө танихгүй болтол ийн өөрчлөгдөж орхисон

Харин чи, өөрчлөгдөө болов уу
Хамгийн сүүлд над өгсөн харц чинь,
Хархан нүдний гүн дэх гэгээн гялбаа чинь,
Хайр чинь,.. өнөө янзаараа болов уу
************************************************************
Би маргаашийг хүлээхийг болиод удсан шигээ
Магад ойрноос чамайг ч хүлээхийг болих нь шиг байна
Мөрөөдөхөө больсон шигээ, өнгөрснөө ч дурсахаа болих нь байна
Учир нь би өвдөөд дэндүү удаж байна...














/Зохиогч Дусал үг/




No comments:

Post a Comment

Аялал гэдэг миний хувьд..

Аяллын утга учир нь буцаж ирэхдээ байдаг.  Эхэлсэн цэгтээ эргэн ирэх.  Харьж очоод догдлон хуваалцах гэж харах, хүрэх, амтлах бүх мэдрэ...