Tuesday, June 26, 2012

"Аяз: Шөнийн танго"



Ширээний чийдэн, тогны мөнгө


Ширхэг цаас, тосон бал байхад л боллоо

Шивнээ үгс, тархинд эргэлдэж

Шөнийн уянгатай ханьсахад л боллоо










/Дусал Үг/






"Элсэн цаг"


Далайн ус цалгих чимээнээр
Би сэрчихлээ...

Цахлайн цангинах дуунаар

Би сэрчихлээ...

Тасарсан товчны нүхээр

Хөхний толгой бултайна

Тарсан дотоож элсэн дээр

Цагийн зүү шиг эргэлдэнэ

Салхи үнэрийг үлдэн хөөхөд

Амрагаа би саналаа...

Сайхан дурсамж харихын даваан дээр

Амрагаа би саналаа...

Алганы мөр, хөлийн ормыг элс дүүргэн дүүргэж

Алдсан цаг хугацааг айсуй мөч нөхөн нөхөж

Тэнгисийн ус түүнийг минь угаажээ...

Толгойд минь мөнгөн үс нэгээр нэмэгджээ...




/Зохиогч: Дусал Үг/

"Үхэх гэж төрсөн"

Нүдний өмнөх лаа салхинд бөхөхөөр нь

Бодолдоо би гар чийдэн тусгалаа

Урьд хожид үзэгдээгүй нууцын хаалга

Урд хойноо орон онголзохыг үзлээ

Намуун хөгжим эгшиглэхийг болихоор нь

Бодолдоо би хуучин хуурцаг тоглууллаа

Урьд хожид сонсогдоогүй үнэний шүүх

Уртаас урт нэрсийг дуудаж байхыг сонслоо



































Үхэх л гэж сүүдрээс сүнсээ чирч ирсэн юм болохоор

Үгүйрэл өнчрөл хагацал хаялганд би үл сатаарна

Үүдээ нээгээд тосоод аваач гэж

Үхлийн бурханд үдэш бүр залбирна

Үхэг гэж сүнсийг чинь гэрэлд илгээсэн болохоор

Үхэхээс нааш үхлийн хаалгыг бүү онголзуул гэж

Үхлийн бурхан надад төмөр нүүр гаргана

Үхэхийн тулд амьдар гэж бувтнаад, үүрээр би гэдрэг буцна


/Зохиогч: Дусал Үг/

"Хайрла"


Үзэн ядалтынх нь хариуд...
Хайрла
Өр өвдөж,
Өнөөх мөс нь ус болон урстал...
Хайрла. ...


Урсгал усаар халтартсан нүүрээ угааж, 
Уучлал эрэн өвдөг сөхөртөл нь...
Хайрла.

"Хар хүн, цагаан тамхи"


Торго шиг арьсанд минь

Толбо үлдээгээд чи явлаа

Тунгалаг харцанд минь

Тал шиг туяа татуулаад эргэн ирлээ

Тамхилах уу гэж дэргэд зогсоо

Танихгүй залуу дөхөж ирээд инээмсэглэлээ

Тамхи та хоёртой тэгэхэд би анх танилцахдаа

Тавилангаа эргүүлж буйгаа таамагласан нь үгүй



Угаавч үл арилах

Утаан үнэр хуруунд минь шингэж

Уурнаас ч илүү уршигт хүхэр

Уушгинд минь хир суулгаж

Дун цагаан шүдэнд минь

Дуниарт манан татаж

Дууны минь бүсгүй уянгыг

Далдхан царгиа хөглөж

Халаасан дахь зоос хөнгөрөх хирээр

Хатуухан хороор бие минь хүндэрнэ

Хачин далд увидас чинь

Хамаг биеийг гүнээ эзэмдэнэ

Эр хүн та хоёр юутай төстэй вэ

Энэ биеийг эрхшээхдээ юутай гаргуун бэ

Өгөхөөс биш авахыг мэдэхгүй

Өнчин бие минь өрөвдөлтэй еэ

Чамд зориулсан эс бүрийн хариуд тамхи чи

Цадатлаа сороод бас дахин сорно

Чамд зориулсан үйл бүрийн хариуд залуу чи

Чанга хатуу үгээр зүрхийг минь мохооно

Өгсөөр байгаад энэ бие минь нэг л өдөр

Өөртөө юу ч үгүй үлдээд үхэтхийн унах вий

Өндөр дээрээс булшийг минь ширтэхдээ

Өөр нэгний тухай бодож чи зогсох вий



Өдрөөс өдөрт чи өнгө орон гялтганаж

Өрөөлийн нүдэнд надаар биеэ гангалж

Шимэгч аятай хачиг шиг наалдаад

Шим шүүсийг минь хэдий болтол сорох вэ

Бие сэтгэлээ зориулсны эцэст би өдөр өдрөөр

Бахардаж тамир тасарч буйгаа мэдэрч байна

Больчихъё гэвч даанч их дассан болохоор

Барьж гинжлэгдсэн сэтгэл минь хургаад байна


Зөв бурууг би мэдэхгүйдээ

Зүггүйтэж өөрийгөө хохироогоод байгаа юм биш

Зөн совин гэж итгэсэндээ

Замаа энэ зүгт залж яваа ч бас биш

Болохгүй гэдгийг ухаарах тусам солиотой юм шиг

Бас сохор хүн шиг

Балчиг намаг дулаахан бас таатай ч юм шиг

Балчир хүүхэд би бас тэнэгхэн ч юм шиг








Тамхийг би биш, тэр намайг татдаг

Татах татахдаа хонзонтойгоор ховх сордог

Эргэж төлөгдөхгүй эд эсийг минь

Эргэн төлжихгүй цустай хамт залгилдаг

Тамхи шиг тэр эрд сэтгэлээ би өгдөг

Тансаг биеийг минь даруулга болгон тэр хөнтөрдөг

Зүс гундаж нас явахад харин

Жишим ч үгүй түлхэж орхихыг нь би мэддэг


Шимүүлсээр байгаад ядарсан биеэ би тэнхэлж

Ширэнгэн дундаас  хүчлэн гарч чадах аваас

Ширхэг тамхи сэтгэлгүй эр хоёроос салаад

Шинэ зам мөрөө цогтойгоор эхэлж чадна

Зүгээр ингэж харсаар байгаад

Заяасан ганц амьдралаа утаан дунд мансуурч

Зүрхгүй нүдгүй жаргалгүй оргилгүй юм шиг

Замын нэгэнд бэлэглэхэд би дэндүү харам юм


Хар хүн чамд хайрлагддаг гэж сэтгэлээ хуурч

Хайхрамжгүй үйлдэл тоомжиргүй үгсийг уучилж

Хайр сэтгэл биеэ харамгүй зориулчихаад

Хатсан сарнай шиг гундаж явахаа больё

Хар энэ тамхийг татдаг гэж бодлоо хуурч

Харин татуулж соруулж шимүүлж яваагаа цайруулж

Хайран өнгө зүс гоо үзэсгэлэнгээ гутаан

Харайлгаж явсан өдрүүдээ ард үдье



Бүдүүн тамхины нясуун утаа хоолой хорсгох ч

Биед нэг л их тайвшралыг олгох шиг

Бидний энэ харилцаа нулимсаар нэвширтэл норгох ч

Битүүхэн тачаал түүнийг зуурдхан хатаах шиг

Энэ бүгд худал гэдгийг би мэднэ

Ийм ч болохоор энд бүхнийг цэглэнэ

Эргэж ирэхэд чинь инээмсэглээд хаалгаа хаана

Эдгээгүй сорвио тэгээд бахархалтайяа ширтэнэ

/Зохиогч: Дусал Үг/




"Би ганцаар"



















Ганцаардлыг би гартаа бариад явдаг

Гадаа жихүүнд түүнтэй хамт алхдаг

Гэрэлгүй гудамжинд сүүдэр шиг тэр дагаж

Гиюүрсэн надаас хором ч үл салдаг



Ганцаардлаас би гунигийг олж хараагүй

Гүн худгийн ёроол руу өнгийвч

Гайхал хар нүх л үзэгддэг шиг

Гагц түүнийг өөрийг нь олж хардаг



Ганцаардлыг би чамаас ч, түүнээс ч,
Гэнэтийн учрал, содон тохиолоос ч,

Гай гамшиг үхэл хагацлаас ч ололгүй

Гагц өөрөөсөө олдог болохоор



Ганцаардалд хэрэв хаан байдаг бол

Гарцаагүй тэр нь би байж таарна

Ганцаардалд хэрэв эцэс бий бол

Гарцаагүй тэр нь үхэл байж таарна

















/Зохиогч: Дусал Үг/

"Улангасал"


Өөдгүй жаал дотор минь орчихоод

Өр рүү өшгичих шиг

Өтөл эр үснээс зуурчихаад

Өөр ертөнц рүү чангаах шиг

Бяцхан охин мөрөн дээр сандайлаад

Бүүвэйн дуугаар ховсдож байх шиг

Бүгд тэгснээ замхран одоход

Бодлоос өөргүй орь бие хоцрох шиг



Өтгөн царс ойгоор шургачин би гүйнэ

Өмнөх замыг харахгүйдээ бүдчин унана

Өвдөг шалбарч цусаа савирууллаа ч

Өвчинд идэгдсэн бие мэдрэхээсээ өнгөрч

Бургас мөчир гарт галбиргүй дүрс сийлж

Бошинзны хормойг хэрцгийгээр тасар татан

Буруу замд садаа хийхийг санаархавч

Буг шүглэсэн бие минь зогсохоосоо өнгөрч.


Айдас жихүүдэстэй анд бололцож

Амьгүй бүхэнтэй хань бараалж

Аз жаргал баяр талархлыг умартаад

Араатан адил улангасан давхина

/Зохиогч: Дусал Үг/

Аялал гэдэг миний хувьд..

Аяллын утга учир нь буцаж ирэхдээ байдаг.  Эхэлсэн цэгтээ эргэн ирэх.  Харьж очоод догдлон хуваалцах гэж харах, хүрэх, амтлах бүх мэдрэ...