Торго шиг арьсанд минь
Толбо үлдээгээд чи явлаа
Тунгалаг харцанд минь
Тал шиг туяа татуулаад эргэн ирлээ
Тамхилах уу гэж дэргэд зогсоо
Танихгүй залуу дөхөж ирээд инээмсэглэлээ
Тамхи та хоёртой тэгэхэд би анх танилцахдаа
Тавилангаа эргүүлж буйгаа таамагласан нь
үгүй
Угаавч үл арилах
Утаан үнэр хуруунд минь шингэж
Уурнаас ч илүү уршигт хүхэр
Уушгинд минь хир суулгаж
Дун цагаан шүдэнд минь
Дуниарт манан татаж
Дууны минь бүсгүй уянгыг
Далдхан царгиа хөглөж
Халаасан дахь зоос хөнгөрөх хирээр
Хатуухан хороор бие минь хүндэрнэ
Хачин далд увидас чинь
Хамаг биеийг гүнээ эзэмдэнэ
Эр хүн та хоёр юутай төстэй вэ
Энэ биеийг эрхшээхдээ юутай гаргуун бэ
Өгөхөөс биш авахыг мэдэхгүй
Өнчин бие минь өрөвдөлтэй еэ
Чамд зориулсан эс бүрийн хариуд тамхи чи
Цадатлаа сороод бас дахин сорно
Чамд зориулсан үйл бүрийн хариуд залуу чи
Чанга хатуу үгээр зүрхийг минь мохооно
Өгсөөр байгаад энэ бие минь нэг л өдөр
Өөртөө юу ч үгүй үлдээд үхэтхийн унах вий
Өндөр дээрээс булшийг минь ширтэхдээ
Өөр нэгний тухай бодож чи зогсох вий
Өдрөөс өдөрт чи өнгө орон гялтганаж
Өрөөлийн нүдэнд надаар биеэ гангалж
Шимэгч аятай хачиг шиг наалдаад
Шим шүүсийг минь хэдий болтол сорох вэ
Бие сэтгэлээ зориулсны эцэст би өдөр өдрөөр
Бахардаж тамир тасарч буйгаа мэдэрч байна
Больчихъё гэвч даанч их дассан болохоор
Барьж гинжлэгдсэн сэтгэл минь хургаад байна
Зөв бурууг би мэдэхгүйдээ
Зүггүйтэж өөрийгөө хохироогоод байгаа юм
биш
Зөн совин гэж итгэсэндээ
Замаа энэ зүгт залж яваа ч бас биш
Болохгүй гэдгийг ухаарах тусам солиотой юм
шиг
Бас сохор хүн шиг
Балчиг намаг дулаахан бас таатай ч юм шиг
Балчир хүүхэд би бас тэнэгхэн ч юм шиг
Тамхийг би биш, тэр намайг татдаг
Татах татахдаа хонзонтойгоор ховх сордог
Эргэж төлөгдөхгүй эд эсийг минь
Эргэн төлжихгүй цустай хамт залгилдаг
Тамхи шиг тэр эрд сэтгэлээ би өгдөг
Тансаг биеийг минь даруулга болгон тэр
хөнтөрдөг
Зүс гундаж нас явахад харин
Жишим ч үгүй түлхэж орхихыг нь би мэддэг
Шимүүлсээр байгаад ядарсан биеэ би тэнхэлж
Ширэнгэн дундаас хүчлэн гарч чадах аваас
Ширхэг тамхи сэтгэлгүй эр хоёроос салаад
Шинэ зам мөрөө цогтойгоор эхэлж чадна
Зүгээр ингэж харсаар байгаад
Заяасан ганц амьдралаа утаан дунд мансуурч
Зүрхгүй нүдгүй жаргалгүй оргилгүй юм шиг
Замын нэгэнд бэлэглэхэд би дэндүү харам юм
Хар хүн чамд хайрлагддаг гэж сэтгэлээ хуурч
Хайхрамжгүй үйлдэл тоомжиргүй үгсийг уучилж
Хайр сэтгэл биеэ харамгүй зориулчихаад
Хатсан сарнай шиг гундаж явахаа больё
Хар энэ тамхийг татдаг гэж бодлоо хуурч
Харин татуулж соруулж шимүүлж яваагаа
цайруулж
Хайран өнгө зүс гоо үзэсгэлэнгээ гутаан
Харайлгаж явсан өдрүүдээ ард үдье
Бүдүүн тамхины нясуун утаа хоолой хорсгох ч
Биед нэг л их тайвшралыг олгох шиг
Бидний энэ харилцаа нулимсаар нэвширтэл
норгох ч
Битүүхэн тачаал түүнийг зуурдхан хатаах шиг
Энэ бүгд худал гэдгийг би мэднэ
Ийм ч болохоор энд бүхнийг цэглэнэ
Эргэж ирэхэд чинь инээмсэглээд хаалгаа
хаана

No comments:
Post a Comment