Thursday, June 28, 2012

Тав дахь эмэгтэй /Өгүүллэг/


    Дундад зууны маягаар засаж чимэглэсэн том өрөөний голд дугуй ширээ тавьжээ. Ширээг тойроод таван эмэгтэй сууна. Зарим нь малгай духдуулж, зарим нь үсээ шууж, зарим нь задгайлсан үсээ мөрөн дээгүүрээ асгаруулж. Заримынх нь урд аягатай кофе, заримынх нь урд шилэн аяга бүхий цэвэр ус байх агаад, зарим нь хэдийнэ уугаад дуусгачихсан байхад, зарим нэг нь уруулаа ч хүргээгүй хэвээр. Нямбайлан будсан улаан уруулын будаг нь арилчих вий гэж санаа зовсон аятай.

    Хөгжим урсана. Италийг санагдуулам дуурийн аялгуу, намуухнаар хөвөрнө. Хэн ч ам нээсэнгүй. Гэвч тавын таван эмэгтэй нэгэн өрөөнд байхад үгний хэрэг юу сан билээ. Ойртон ирсэн хэнд ч сонсогдохоор тийм чангаар, өнөөх таван хатагтай өөр хоорондоо нүдээрээ харилцана. Харцаараа хүүрнэлдэнэ.

-Хөгжим хэтэрхий чанга байна уу.

-Үгүй харин бид л чимээгүй байна.

-Нөхөр маань буцаж ирэхээс өмнө би харих ёстой. Хамтдаа хүлээн авалтанд явах ёстой юм. Тийм болохоор би эхэлж ам нээе. Ам нээнэ гэснээс, хүнтэй ярьж хөөрөлгүй их уджээ. Миний бие дотор нэгэн жижигхэн хүн амь тавьсан тэр өдрөөс хойш л, дуу минь гарахаа больчихсон юм. Хааяа ингэж хүнтэй ярьж хөөрөхийг их л хүсэх юм даа.

-Гэнэт л алга болчихдог юм даа. Миний дуу ч гэсэн, нөхрийнхөө араар тавьж байгааг үйлдэл дээр нь барьснаас хойш л гарахаа больчихсон юм. Чи ч гэхдээ намайг бодоход сайн нөхөртэй шүү дээ. Та хоёрт дахиж хүүхэд заяаж л таарна.

-Гэхдээ л, өөрийнхөө бие дотор хүн үхүүлнэ гэдэг амаргүй шүү дээ. Би лав зовлонг чинь ойлгож байна. Эмэгтэй хүний бие гэдэг төрөхийн ор ч, үхсэний авс ч болох юм даа. Даанч харамсмаар нь, би алиныг нь амтлах хувьгүй тийм л эмэгтэй дээ. Хүүхэд олох чадваргүй гэдгээ анх эмчээс сонсоод би ухаан алдан унасан юм. Ухаан сэргээд, ярих гэтэл болдоггүй.. Ам л хөдөлнө үү гэхээс дуу гарахгүй бүр таг шүү.

-Та хэдийн яриаг сонсох тусам би өөрийгөө хичнээн хувьтай хүн гэдгийг ойлгох юм. Дөрвийн дөрвөн хүүхэд минь эрүүл саруул, тоглож наадахыг харна гэдэг, эх хүний жаргал гэдэг, хүн болгоны хүсээд ч олдоггүй зүйл юм шиг ээ. Намайг бага байхад ээж минь их архи уудаг, элдвийн эрчүүд манайхаар орж гардаг, тэд нь надаар оролддог байлаа. Дуу минь гарахаа больсон тэр өдрийн тухай дурсахаар ч дотор харанхуйлдаг юм. Ямартаа ч, эхийн халамжийг мэдэрч өсөөгүй болохоороо энэ хэдэн хүүхэддээ сайн ээж нь байх юм сан л гэж хичээх юм даа.

   Бүгд ээлж дараагаар ярьж дуусахад, тав дахь эмэгтэй рүү бүгд харцаа чиглүүлэв. Түүний ярихыг хүлээлээ. Гэвч тав дахь эмэгтэйн амь нь хөдлөх хирнээ, дуу ер гарсангүй. Бүгд нэгэн агшинд хөрж орхилоо. Дөлгөөхөн харц, амгалан төрх нь бүсгүйчүүдийн нүүрнээс арилж, хоромхон зуур түгшүүр айдаст дарагдав. Бас ч зэвүүцэж жигшсэн төрх илэрнэ.  

-Биднийг мэхэлжээ.

-Мэхлэгчийг барь

-Мэхлэгчийг одоохон эндээс гарга.

    Бүгд суудлаасаа босож, тав дахь эмэгтэйн зүг хүрч ирэв. Нэг нь тав дахь эмэгтэйн толгойноос зулгаахад, хиймэл үс нь салан унаж, эрэгтэй хүний богино үс гарч ирэв.

-Муу зүсээ хувилгагч

-Нүүрний будгийг нь арилга, цамцыг нь тайл: үнэн төрхийг нь бүгдээрээ илчилье.

-Зөв, зөв
  Тэгтэл, “Байз” гэх шийдмэг дуунаар бүгд чимээгээ аядав. Хөгжим ч эрс намсав. “Өмдийг нь шувтал.”
   Гэрэл унтрав. Дуурийн дуу улам улмаар чангарч, хөгжим оргил хэсэгтээ орлоо.


/Зохиогч: Дусал Үг/



No comments:

Post a Comment

Аялал гэдэг миний хувьд..

Аяллын утга учир нь буцаж ирэхдээ байдаг.  Эхэлсэн цэгтээ эргэн ирэх.  Харьж очоод догдлон хуваалцах гэж харах, хүрэх, амтлах бүх мэдрэ...