Thursday, August 1, 2019

Өвөө минь үгүйд нутаг минь эзгүй

/Өвөөдөө хэлэх дусал үг/

Өвөө минь алсын алсад одохдоо хэлээгүй үгсийн сэтгэлийн гүн мянган сургаалийг надад үлдээжээ. Заримдаа хүнд асуудлын хариу нь энгийн бөгөөд товч байдаг. Хайр. Олон таван үггүй зүгээр л хайрлах. Хайртайгаа зарлахгүй, харуулах гэж улайрахгүй. Жинхэнэ хайр намуухан бөгөөд нөөлөгтэй байдаг. Уулын нөмөр нөөлөг шиг, урт үдийн нарны хурцад ургаа модны таатай сүүдэрт сэрүүцэх шиг сэтгэлд хөнгөн, тайван амгалан байдаг. Энэ амьдралд ганц л зовлон байдаг сан бол тэр нь хариулж чадаагүй хайр байх. Амьдад нь хариулж чадаагүй хайр. Энэ л гачлангийн сүүдэр хааяахан намайг нөмөрч, гунигт бодолд автуулах шиг… Гэвч жинхэнэ хайр нь аваа өгөөг бодолгүй, сэтгэлийн угаас урган гарсан зүйл байдаг учир, басхүү хайрлагч тэр хүмүүн өөрөө сэтгэлийн жаргал эдлэх учир тийм ч их харуусан бодох хэрэггүй мэт. Эндээс би ухаарлыг олно. Амьдад нь намайг хайрладаг, хайртай хүмүүсийнхээ ачийг хариулах, ядахнаа тэр их хайрыг нь анзаарах, сэрж мэдрэх. 
Хэрэв би төрсөн гэр орноо сонгож болдог сон бол энэ л гэртээ төрөх байсан. Хэдий үргэлж түвшин амгалан, аюул заналгүй ажин түжин амьдрал байгаагүй ч гэлээ өвөөгийнхөө сүүдэрт нэг л хоног эрхлэн тоглохын тулд ч атугай энэ л гэртээ төрөх байсан. Агуу хүний дэргэд өсөн бойжих аз завшаан надад тохиосон байжээ. Нартад юу ч надад тохиолдож байлаа энэ л чухаг хувь тавиландаа талархаж, юунд ч үл гомдоллон, үнэт сургааль бүрийг санан санан бодож амьдаръя. Амьд бурхан асан та минь жинхэнэ бурхан болжээ.

Сүүтэй морозко аваад өвөө дээрээ орох юм сан. Өвөөгийн минь эзгүйд гэр эзгүй, нутаг эзгүй. Сэтгэл эзгүй, зүрх эзгүй. Хөөр баяр болж очоод хөөр баяр болон гардаг “Сансар”-ын гэр минь гиюүрч ханхайсан гунигт өргөө болжээ. Их хүний үгүйд энэ зүрх ч биш, эх орон уйлдаг юм байна. 
Нэг хүн яаж тийм их орон зайг эзлэн оршиж байсныг итгэж ядан эргэцүүлэх юм. Эгэл хүн лав ийм их орон зайг ардаа үлдээн оддоггүй байх. Таниасаа үлгэр дууриал авч, таныг бахархуулах гэж сайн хүн байж, гаргасан амжилт бүрээс олж үзэх таныхаа бахархлаас дараа дараагийн зорилгоо биелүүлэх урам зоригийг авч байсан би таньгүйгээр энэ орчлонд, энэ цаг хугацаа буюу өнөөдөрт, амьдарч байна, алхаж, явж, амьсгалж, ажиллаж байна. Унахдаа унаж, босохдоо босч л явна. Уйлахдаа уйлж, инээхдээ инээж л явна. Сэтгэлийн хаттай юм шиг л өөртөө дүр эсгэн явна. Гэвч үнэн гэвэл, таныгаа үгүйлэн энэлэн хайлж, эмтрэн хагарч, шаналан буйлж, шархдан сэдэрч явна, элэг зүрхэндээ.

Охиныгоо эргээд ирэхэд байж ч магадгүй, байхгүй ч байж магадгүй гэж явах, ирэх тоолонд минь бодлогошронгуй хэлдэг байсан таныхаа үгэнд дөжирч, байхгүй хаачих вэ дээ хэмээн тоомжиргүйтдэг байсан гэнэн тэнэг бодол минь нүүр улалзан, нуугдан ичин байж үнэнтэй нэгэнтээ туллаа. Нэг л өдөр таны тэр үг биеллээ олж. Эргээд ирэхэд өвөө минь биш эзгүй хоосон гэр, зурагны тань өмнө бадамлах зул л угтах өдөр ирнэ гэж даанч зүүдэлсэнгүй явжээ. Хэнээс ч, хаанаас ч асууж эрээд, гуйж сөгдөөд нэмэр үгүй, сураггүй алс өөд таа минь нүүн оджээ. 
Өвөөгийн эрх танхи охин, ийн амьдралтай нүүр тулах цаг иржээ. Миний амьдарсан өнөөдрийг хүртэлх цаг хугацаа, мянга мянган өдрүүд ердөө л бэлтгэл, сургуулилт байжээ. Хөлөг онгоц одоо л далайд гарах гэж байна. Дайвчин гуйвуулах далайн хүчит салхинд ч цохигдохдоо цөмөрч живэлгүй тогтох давж гарах хүчийг би хангалттай олсон гэж өөртөө итгэж байна. Итгэхгүй гээд ч яах билээ. Юм бүхэн цаг хугацаатай, ээлж дараатай байдаг хойно. Ингээд хөлөг онгоцны ахмад би таныхаа өмнө цэх зогсоод ёслоё, миний төлөө хийсэн бүхэнд тань баярлалаа. Магадгүй дахин хэзээ нэг өдөр уулзахын ерөөл өргөе. Хүний хүсэл хязгааргүй, сэтгэлд ертөнц огторгуй тэр чигээрээ багтаж орхидог юм хойно! Түр баяртай…


Хүсэл байхад хясаж байдаг орчлонд 
Хүрч ирсэн бүхэн буцаж явдаг жамтай
Хүрэхгүй алсын тэртээ дэхь гялалзах од болоод
Хүсч шивнэх бүрт минь тодрон гялтганаж байгаарай

/Дусал үг/

No comments:

Post a Comment

Аялал гэдэг миний хувьд..

Аяллын утга учир нь буцаж ирэхдээ байдаг.  Эхэлсэн цэгтээ эргэн ирэх.  Харьж очоод догдлон хуваалцах гэж харах, хүрэх, амтлах бүх мэдрэ...