Би
Халуун хүйтний хольц
Би
Халгай, сарнайн эрлийз
Би
Хайрга, голын хэлхээс
Би
Хайр, хорслын эх булаг
Би
Хөндий, сарьдгийн хоорондох чөлөө
Би
Хүүхэн, хүүхдийн зэрэгцэн орших өргөө
Би
Хөнөөлт чоно, ариун маралын хугархай
Би
Хөрсөн зүрх, халуун амины хэлтэрхий
Би
Далайгүй газрын далайд живсэн цагаан гүү
Би
Далбан говийн зэрэглээнд үүссэн баянбүрд
Би
Далбаагүй тугийг сэвэлзүүлэгч хээрийн тэнүүлч
салхи
Би
Дассан салсан хоёрын зүүгээгүй хуримын бэлзэг
Би
Болоогүй найрнаа өргөсөн хундага дарс
Би
Бороогүй тэнгэрт хурсан гэнэн үүл
Би
Бурхдын оронд ганцаар бэдэрч яваа чөтгөр
Би
Буянаа нүглээр халхалж яваа будилсан бадарчин
Би
Алт барьж үзээгүй ядуу уран дархан
Би
Амь хөнөөж яваагүй ч армийн цолтой дарга
Би
Алдарт гараагүй ч ассан гал шиг цэцтэй
найрагч
Би
Амьдралаас уйдаагүй ч үхлээс зугтаагүй хүмүүн
ЗОХИОГЧ: ДУСАЛ ҮГ
No comments:
Post a Comment