Wednesday, October 15, 2014

Та таа, тунгаа

Ханагүй гэрт хаалга байх уу
Хадгүй ууланд хагд ургах уу
Хавцалгүй аманд янгир дүүлэх үү
Харьяагүй иргэнд зарлан ирэх үү

Загасгүй усанд тор хаях уу
Завьгүй далайд осол гарах уу
Захиагүй дугтуйнд хариу бичих үү
Зальгүй илбэнд хүүхэд хууртах уу

Дайны талбарт цус, дарь үнэртэхдээ
Дажингүй цагийн цэнийг хүн санадаг
Дандаа амар жимэр суусаар, залхахын цагт
Дайн тулаантай киног өөрсдөө тэд сэддэг

Эрүү тачигнах өвлийн жавар дунд
Эрлэг болж, амьтны халуун цус хөргөөд
Ээрэм талын эзэн чоно, үүрээр гэдрэг буцахдаа
Ээрсэн бэлтрэгнүүддээ юу гэж шивнэдгийг та мэдэх үү

Загас усандаа жаргалтай гэдэг хэр үнэн бэ
Загас өөрөө лав тийн өчсөн удаагүй
Завины ёроолд шидэгтэлээ усны ачийг мэдэлгүй
Заламгай нь хатахын алдад сая ухаардаг бол яана

Амьд явах дээдийн заяа гэж
Амьд хүн номлох нь инээдтэй
Үхэж үзсэн бол, яахав харин
Үзэж харьцуулаад хэлж байна гэх сэн

Загас шиг бид хэт оройтсон хойно л
Заяа таарч орчноо ажих хувьтай бол яана
Хувинтай цэвэр ус, хогийн муу усны алинд
Хоргодон амьдарч аснаа мэдэхгүй дуусвал яана

Навчаа нь Цэцгээдээ дуртай үгүйг
Навчаагаас өөр хэн ч мэдэхгүй
Нарны хувьд сар юу болохыг
Нэрт одон оронч ч хариулж зэхэхгүй

Чандагыг чоно идэж, чоныг хүн авладаг
Чухам аль дүрд нь та тоглоном бэ
Чиний ертөнц миний ертөнцтэй давхарддаггүй хорвоод
Чөтгөр нь үү, бурхан нь гэдгээ та таа, тунгаа

 












Зохиогч Дусал Үг

Tuesday, September 16, 2014

Epilogue

Ганцаар ирж ганцаар буцдаг орчлонд
Галын дэргэд сууж хамтдаа оддыг тоолох
Ганц хүнийг олох гэж бид урт амьдралыг
Гацаан байж энд хургадаг юм болов уу

                                                 By Dusal Ug

Wednesday, February 19, 2014

Эсрэг эм

Дурангаар харахад үзэгддэггүй
Дугаартай хуудсанд бичигдээгүй
Долгион соронзод ч баригддаггүй
Догь өвчин тусчээ би

Угаас нимгэн хэтэвч
Улам л нимгэрч
Улсын эмнэлгийн хүнд суртал
Улаан нүүрийг эсгэтэл, явлаа /явлаа/

Хувийн эмнэлэг ч орлоо
Хувь нэрдээ ч карт нээлгэлээ
Хууч өвчний минь оношилсон юмгүй
Хууч хөөрсөөр цаг нь дууслаа

Элдвийн тасаг, төвөөр
Эргүү тустлаа хэслээ
Эцэст нь өвчнөө умартаад
Эртхэн харихын түүс боллоо

Тахир дутуу, татсан хөшсөн
Тоймгүй олон амьтан үзсээр
Таарсан биедээ талархах шиг боллоо,
Тун чиг өвчин минь хэр олзуурхаа бол доо

Зохиогч Дусал Үг 

 
















Illustration by Davide Saraceno

Хар хэл ам

Ярилцаж үзээгүй мөртлөө
Ярвагар гэж намайг цоллох
Ямар гавьяа байгуулсан гэж
Яруу дүр гаргана вэ гэж өөнтөглөх

Ядмагхан сэтгэлтэй хүмүүст
Яагаад ч би дуртай болж чадахгүй
Яахав надад гайхуулж гийхүүлэх
Янзан бүрийн цол гуншин байхгүй л дээ, тэгэхдээ

Ядаж өөдрөг явья гээд тэргүүнээ өргөж алхалдаг юм
Ялтан шиг хэргээр гөлөлзөж бөхөлзөж явдаггүй юм
Ямбатан шиг би цамаан зангүйг
Ярилцаж үзсэн бол та нар мэдэхсэн дээ

Ялаа баасан дээр овоороод дүнгэнэдэг шиг
Ярь л даа, ярь намайг хүссэнээрээ муучил
Ясыг минь янгинатал чихийг минь хангинатал
Ярьж намайг муулалдан алтан цагаа үр л дээ

Эд нарыг анд нөхөр гэхгүй, болооч ч гэж гуйхгүй
Ийм нөхдийг би илүү хуруунаас дор гэж боддог
Эрхэлсэн үйлээрээ амжилт олохын минь цагт
Эрвээхэй шиг цөм цуглаад ирэхий нь мэддэг

Зохиогч Дусал Үг




Monday, February 10, 2014

Хар цагаан

Би хар цагаан гэрэл зурганд дуртай
Хар даашинзаа сувдан зүүлтээр гоёх дуртай
Харанхуй үдэш сарны доор алхах дуртай
Хар цагаан бүхэнд би хачин их дуртай

Хархан нүдний цагаахан цөцгийг ширтэхдээ би дуртай
Хар зам дээр цагаан машин давхихыг үзэх дуртай
Хайрттайгаа хуучны кино үзэж тэврэлдэн суух дуртай
Ай даа, хар цагаанд бүхэнд би хачин их дуртай

Би хаврын урь орж, харз ус урсахад
Хайлаагүй үлдсэн цасыг үзэхдээ дуртай
Хүлээн авалтанд намайг урьсан болзоот залуугаа
Хар хослол цагаан зангиатай нь харах дуртай

Орчлонгийн хар цагаан юм бүхэнд би дуртай
Халгуу зовлон дундаас жаргалын хэлтэрхийг хайж
Хатуу үгсийн борооноос магтаалыг нь шигшихдээ дуртай
Хань нөхдийн үхлийг үзээд хажууд үлдсэнээ хайрлах бас дуртай

Хааяадаа би хар цагаанаар орчлонг харж
Харсан бүхнээ тэгээд магтан дуулах дуртай
Хоёр нүдэндээ нулимс тороон байж инээхдээ би дуртай
Ай даа, хар цагаан бүхэнд би хачин их дуртай

Зохиогч Дусал Үг


Хувь

Ялгуун найргийн богинохон мөрүүдэд минь л
Янаг минь чи мөнхрөх хувьтай санж
Яндашгүй амьдралыг бид хамтдаа туулах хувьгүй санж
Яруу түүхийг цугтаа бичилцэх аз нь дутаа юм байж

Үрчгэр хөлий нь даавуун хөнжлөөр бүтээж
Үүрээр цайг тань чанаж суух хувь надад дутаж
Үсэн буурал минийхээ сарниж ахуй үзэсгэлэнг
Үргэхээс нь өмнө тольдож суух хувь чамд минь дутаж







 





Зохиогч Дусал Үг

Үргэлжлэл

Үр минь
Үрлэн чинээ үр минь
Үргэсэн хунгаас унасан
Өд минь
Үлээсэн цэцгээс тасарсан
Дэлбээ минь
Одон сүргээсээ хагацсан
Цолмон минь
Оочсон модны зуурч үлдсэн ганц
Үндэс минь

Зуны сүүлчийн гүзээлзгэнэ минь
Намрын сүүлчийн шар навч минь
Хаврын сүүлчийн хөх яргуй минь
Өвлийн сүүлчийн шинэ цас минь
Охин насны сүүлчийн гуниг минь
Онгон биеийн улаахан тамга минь
Ойчих насны сэтгэлийн сахиур минь
Оньсого шиг хайрын үлгэр шиг үргэлжлэл минь









/Зохиогч Дусал үг/

Би мөрөөдөхийг болиод удаж байна

Би
Мөрөөдөхийг болиод
Удаж байна
Мөдхөн ирэх маргаашийг ч
Хүлээхийг болиод
Удаж байна
**********************************************************
Миний инээмсэглэсэн цорын ганц зураг
Мөнгөн жаазтайгаа тоосонд дарагдаад
Удаж байна
Зураг шигээ, мөн адил инээмсэглэл минь
Зуу зуун үрсчлээст дарагдаад
Удаж байна

Чиний дуртай даашинз, эрвээхэйд идэгдээд
Чиний эзгүй гэрт, намайг л тавлах гэсэн шиг
Нүдний үзүүрт хөсөр хэвтэхийг харсаар
Нүдний минь гал буураад бас л нилээдгүй удаж байна

Өнөөх пянз, тэр л шөнө тоглуулсан янзаар
Өдөр өдрийн уртад зурагдсаар хөгөө алдаад удаж
Сийчигдсэн зураас бүрийг хуруугаараа тэмтэрч,
Сэмэрсэн зүрхэндээ хань татах болсоор би удаж
*********************************************************** 
Би
Өвдөөд
Удаж байна
Өөр хүнтэй
Үг солилгүй
Удаж байна

Үүд өөд ширтэж, үрээ хүлээх эмээ шиг,
Өнчирч бэтгэрсэн асрамжийн хүүхэд шиг
Ингэж өвдөөд удаж байна
Өөрийгөө толинд ч харалгүй удаж байна

Тамхи татаж, архийг ч уухаа больсон
Тэр зэрэгт намддаг өвчний зэргийг хол давсан
Танилтайгаа ч үг солихыг больсон
Танихгүй хүн шиг зөрдөг болсон, үнэндээ
*********************************************************** 
Би ийм өөр болсон
Бидний тэр өдрүүдээс тэс ондоо болсон
Бид одоо таарвал, бараг
Танихгүй өнгөрөх байх аа чи

Би тийм л өөр болсон
Бүхнийг хэвээр нь авч үлдэх гэсээр,
Байсан, яг л тэр чигээр нь зогсоох гэж аргаа барсаар
Баллуур адил цаг хугацаанд арилахгүй сан гэсээр

Өөрчлөгдсөн
Өөрчлөгдөхгүй гэж үхэн, хатан,
Өнгөрсөнтэйгээ зууралдан байсны эцэст
Өөрийгөө танихгүй болтол ийн өөрчлөгдөж орхисон

Харин чи, өөрчлөгдөө болов уу
Хамгийн сүүлд над өгсөн харц чинь,
Хархан нүдний гүн дэх гэгээн гялбаа чинь,
Хайр чинь,.. өнөө янзаараа болов уу
************************************************************
Би маргаашийг хүлээхийг болиод удсан шигээ
Магад ойрноос чамайг ч хүлээхийг болих нь шиг байна
Мөрөөдөхөө больсон шигээ, өнгөрснөө ч дурсахаа болих нь байна
Учир нь би өвдөөд дэндүү удаж байна...














/Зохиогч Дусал үг/




Аялал гэдэг миний хувьд..

Аяллын утга учир нь буцаж ирэхдээ байдаг.  Эхэлсэн цэгтээ эргэн ирэх.  Харьж очоод догдлон хуваалцах гэж харах, хүрэх, амтлах бүх мэдрэ...