Thursday, October 17, 2019

Аялал гэдэг миний хувьд..

Аяллын утга учир нь буцаж ирэхдээ байдаг. 
Эхэлсэн цэгтээ эргэн ирэх. 
Харьж очоод догдлон хуваалцах гэж харах, хүрэх, амтлах бүх мэдрэмжээ ойн тойндоо шингээн мөнхөлж авахыг хичээнэ. 
Ээжид энэ таалагдана, эгчид энэ тухай хэлэх сэн, үе тэнгийнхэндээ энэ талаар сонирхуулах сан, эх орны минь энэ салбарын хөгжилд хэрэгтэй санаа байна даа гэхчилэн энд тэндээс түүвэр хийж цуглуулга үүсгэн бэдэрнэ. 

Хэрэв хэзээ ч эргэж очихгүй гэсэн бодлоор аян замд гарсан сан бол ямар байх сан бол. Үүрд орхин аялалд гарч буй бол юунд анхаарч, юуг мэдэрч явах бол. Зөвхөн өөрийнхөө төлөө. Ингээд бодохоор тэр нь хачин уйтгартай, утгагүй байх юм шиг надад санагдана. Танихгүй газар орноор аялна гэдэг шинэ бүхнээр дүүрэн юм хойно харьцуулалт үүсэх нь тодорхой. Миний ирсэн газарт ийм байдаггүй дээ гэж. Гэвч тэр бодолд уягдалгүй, бараг орж ирснийг нь анзаарах ч гүй л өнгөрөөх байх. Тэгээд магадгүй илүү тэр цаг мөчид оршихуйгаараа байж ч болох. Гэвч би гарсан мөчөөсөө эхлэн харих гээд догдлон, бэлэг сэлтийг ой тойндоо цуглуулан явах тийм л аяллыг илүүд үзнэ. Тэгэхээр аялал гэдэг миний хувьд эргэн ирэхийн тулд түр холдох хэсэг зуурын завсарлага юм уу даа.

/Бичсэн: Дусал Үг/

Tuesday, September 17, 2019

ЗҮРХ

Зүрх мянга мянгаараа
Намайг чиглэнэ
Зарим нь цааш харна,
Нам гүмхэн зөрнө

Намар мянган зүрх сэрнэ,
Саранд дурлана
Надаас чамайг асууна,
Хариуд нь би мэдэхгүй гэж шивнэнэ

Өвөл уулс цайрна,
Одод бээрнэ
Онгорхой зүрхээр салхи исгэчин наадна
Олон зүрх ганц ганцаар даарна

Хавар зүрх амилна, нахиа шиг
Хайр сэрнэ, ичиж дууссан баавгай шиг
Халуун биш ч бүлээн зүрхний долгиос
Хаа сайгүй цацагдаж нэг нэгнээ ононо

Зун зүрх дурлана, зураг шиг
Зууны дурсамжийг бүтээнэ, залуу нас шиг
Зугаатай, үлгэр шиг мөчүүд
Зурагт хуудаснаа мөнхөрч үлдэнэ

Зүрх ядарна, улирах цагийн эргэлтэнд
Зүрх амарна, тэгээд бас дахин дурлана
Зүүд дуусна, тэгснээ дахин мэндэлнэ
Зүрх инээмсэглэнэ, учир нь тэр жаргалтай

Бичсэн: Дусал Үг

Thursday, August 1, 2019

Өвөө минь үгүйд нутаг минь эзгүй

/Өвөөдөө хэлэх дусал үг/

Өвөө минь алсын алсад одохдоо хэлээгүй үгсийн сэтгэлийн гүн мянган сургаалийг надад үлдээжээ. Заримдаа хүнд асуудлын хариу нь энгийн бөгөөд товч байдаг. Хайр. Олон таван үггүй зүгээр л хайрлах. Хайртайгаа зарлахгүй, харуулах гэж улайрахгүй. Жинхэнэ хайр намуухан бөгөөд нөөлөгтэй байдаг. Уулын нөмөр нөөлөг шиг, урт үдийн нарны хурцад ургаа модны таатай сүүдэрт сэрүүцэх шиг сэтгэлд хөнгөн, тайван амгалан байдаг. Энэ амьдралд ганц л зовлон байдаг сан бол тэр нь хариулж чадаагүй хайр байх. Амьдад нь хариулж чадаагүй хайр. Энэ л гачлангийн сүүдэр хааяахан намайг нөмөрч, гунигт бодолд автуулах шиг… Гэвч жинхэнэ хайр нь аваа өгөөг бодолгүй, сэтгэлийн угаас урган гарсан зүйл байдаг учир, басхүү хайрлагч тэр хүмүүн өөрөө сэтгэлийн жаргал эдлэх учир тийм ч их харуусан бодох хэрэггүй мэт. Эндээс би ухаарлыг олно. Амьдад нь намайг хайрладаг, хайртай хүмүүсийнхээ ачийг хариулах, ядахнаа тэр их хайрыг нь анзаарах, сэрж мэдрэх. 
Хэрэв би төрсөн гэр орноо сонгож болдог сон бол энэ л гэртээ төрөх байсан. Хэдий үргэлж түвшин амгалан, аюул заналгүй ажин түжин амьдрал байгаагүй ч гэлээ өвөөгийнхөө сүүдэрт нэг л хоног эрхлэн тоглохын тулд ч атугай энэ л гэртээ төрөх байсан. Агуу хүний дэргэд өсөн бойжих аз завшаан надад тохиосон байжээ. Нартад юу ч надад тохиолдож байлаа энэ л чухаг хувь тавиландаа талархаж, юунд ч үл гомдоллон, үнэт сургааль бүрийг санан санан бодож амьдаръя. Амьд бурхан асан та минь жинхэнэ бурхан болжээ.

Сүүтэй морозко аваад өвөө дээрээ орох юм сан. Өвөөгийн минь эзгүйд гэр эзгүй, нутаг эзгүй. Сэтгэл эзгүй, зүрх эзгүй. Хөөр баяр болж очоод хөөр баяр болон гардаг “Сансар”-ын гэр минь гиюүрч ханхайсан гунигт өргөө болжээ. Их хүний үгүйд энэ зүрх ч биш, эх орон уйлдаг юм байна. 
Нэг хүн яаж тийм их орон зайг эзлэн оршиж байсныг итгэж ядан эргэцүүлэх юм. Эгэл хүн лав ийм их орон зайг ардаа үлдээн оддоггүй байх. Таниасаа үлгэр дууриал авч, таныг бахархуулах гэж сайн хүн байж, гаргасан амжилт бүрээс олж үзэх таныхаа бахархлаас дараа дараагийн зорилгоо биелүүлэх урам зоригийг авч байсан би таньгүйгээр энэ орчлонд, энэ цаг хугацаа буюу өнөөдөрт, амьдарч байна, алхаж, явж, амьсгалж, ажиллаж байна. Унахдаа унаж, босохдоо босч л явна. Уйлахдаа уйлж, инээхдээ инээж л явна. Сэтгэлийн хаттай юм шиг л өөртөө дүр эсгэн явна. Гэвч үнэн гэвэл, таныгаа үгүйлэн энэлэн хайлж, эмтрэн хагарч, шаналан буйлж, шархдан сэдэрч явна, элэг зүрхэндээ.

Охиныгоо эргээд ирэхэд байж ч магадгүй, байхгүй ч байж магадгүй гэж явах, ирэх тоолонд минь бодлогошронгуй хэлдэг байсан таныхаа үгэнд дөжирч, байхгүй хаачих вэ дээ хэмээн тоомжиргүйтдэг байсан гэнэн тэнэг бодол минь нүүр улалзан, нуугдан ичин байж үнэнтэй нэгэнтээ туллаа. Нэг л өдөр таны тэр үг биеллээ олж. Эргээд ирэхэд өвөө минь биш эзгүй хоосон гэр, зурагны тань өмнө бадамлах зул л угтах өдөр ирнэ гэж даанч зүүдэлсэнгүй явжээ. Хэнээс ч, хаанаас ч асууж эрээд, гуйж сөгдөөд нэмэр үгүй, сураггүй алс өөд таа минь нүүн оджээ. 
Өвөөгийн эрх танхи охин, ийн амьдралтай нүүр тулах цаг иржээ. Миний амьдарсан өнөөдрийг хүртэлх цаг хугацаа, мянга мянган өдрүүд ердөө л бэлтгэл, сургуулилт байжээ. Хөлөг онгоц одоо л далайд гарах гэж байна. Дайвчин гуйвуулах далайн хүчит салхинд ч цохигдохдоо цөмөрч живэлгүй тогтох давж гарах хүчийг би хангалттай олсон гэж өөртөө итгэж байна. Итгэхгүй гээд ч яах билээ. Юм бүхэн цаг хугацаатай, ээлж дараатай байдаг хойно. Ингээд хөлөг онгоцны ахмад би таныхаа өмнө цэх зогсоод ёслоё, миний төлөө хийсэн бүхэнд тань баярлалаа. Магадгүй дахин хэзээ нэг өдөр уулзахын ерөөл өргөе. Хүний хүсэл хязгааргүй, сэтгэлд ертөнц огторгуй тэр чигээрээ багтаж орхидог юм хойно! Түр баяртай…


Хүсэл байхад хясаж байдаг орчлонд 
Хүрч ирсэн бүхэн буцаж явдаг жамтай
Хүрэхгүй алсын тэртээ дэхь гялалзах од болоод
Хүсч шивнэх бүрт минь тодрон гялтганаж байгаарай

/Дусал үг/

Tuesday, June 25, 2019

Хайртай


Хайртай, хайртай гэж
Хангайн цэцэгсийг хагдартал би орилъё
Хагацал үзээгүй хос хун нэгнээ орхитол
Хар нуурыг долгилуулан байж бархиръя

Хаант улсаараа дэнчин тавих Цезарь шиг
Халаас хоосон, алдах юмгүй харц ард шиг
Олсон дээгүүр дүйцэгнэн явах циркчин шиг
Оройлсон баатар уулга алдан дайнд орох шиг

Хайртай, хайртай гэж
Хамаг уушгаа багтраан байж би орилъё
Огторгуйг зүхэн байж би орилъё
Онгодоо турхиран байж би дуудъя

Олон олтлоо би чамайг дурсая
Онгорхой зүрхээ эсгэчин байж хөг гаргая 
Оройд нартай, өглөөд сартай болтол
Омголтсон уруулаа хагалан байж би бархиръя

Хайртай, хайртай гэж
Хаврын тэнгэрээс цас унатал дуулъя
Харьсан сэтгэлийг эргэтэл би дуудъя
Хатсан цөлийн өнчин ботго эхээ эрэх шиг дуудъя

Инээд, нулимсыг өөртэйгээ чи авч одоод
Итгэлээс өөрийг над үлдээгээгүй болохоор
Дууч хоолойг минь тасдаж орхиод
Долоон үсэгнээс өөрийг үлдээгээгүй болохоор

Хайртай, хайртай гэж би дуулъя
Хайртай, хайртай гэж би дуудъя
Хайртай, хайртай гэж би амьсгалъя
Хайртай, хайртай гэсээр би амь тавья

ЗОХИОГЧ: ДУСАЛ ҮГ

Би



Би
Халуун хүйтний хольц
Би
Халгай, сарнайн эрлийз
Би
Хайрга, голын хэлхээс
Би
Хайр, хорслын эх булаг

Би
Хөндий, сарьдгийн хоорондох чөлөө
Би
Хүүхэн, хүүхдийн зэрэгцэн орших өргөө
Би
Хөнөөлт чоно, ариун маралын хугархай
Би
Хөрсөн зүрх, халуун амины хэлтэрхий

Би
Далайгүй газрын далайд живсэн цагаан гүү
Би
Далбан говийн зэрэглээнд үүссэн баянбүрд
Би
Далбаагүй тугийг сэвэлзүүлэгч хээрийн тэнүүлч салхи
Би
Дассан салсан хоёрын зүүгээгүй хуримын бэлзэг

Би
Болоогүй найрнаа өргөсөн хундага дарс
Би
Бороогүй тэнгэрт хурсан гэнэн үүл
Би
Бурхдын оронд ганцаар бэдэрч яваа чөтгөр
Би
Буянаа нүглээр халхалж яваа будилсан бадарчин

Би
Алт барьж үзээгүй ядуу уран дархан
Би
Амь хөнөөж яваагүй ч армийн цолтой дарга
Би
Алдарт гараагүй ч ассан гал шиг цэцтэй найрагч
Би
Амьдралаас уйдаагүй ч үхлээс зугтаагүй хүмүүн

ЗОХИОГЧ: ДУСАЛ ҮГ

Сар бүрийн сануулга

Эмэгтэй хүн шүү, та гэж
Над сануулах шиг
Энэ сарын минь тэмдэг
Нойрон дунд морилно уу

Эр хүнийг ичээж, айлгаж дөнгөдөг
Эрээ цээргүй улаахан дусал цус минь
Ээж болоорой гээд эд эсийг бэлтгэж
Эцэж ядрахаа мэдэхгүй оргилон байна уу

Бяр чадлаар би бөх хүнээс ч дутахгүй
Билиг оюунаараа Эйнштенээс хоцрохгүй гэж
Бардам яваад, бүсгүй зангаа гээх вий гэх шиг
Байс хийгээд л надад сануулга дохио өгнө үү

Ууц нуруу хөшөөж, гэдэс базлуулж
Уцаар хүргэн дэггүйтдэг чинь юу вэ
Урсах нь дэндээд хөнжил толботуулж
Ус горхи шиг ундардаг чинь юу вэ

Улс амьтны нүднээс улалзан байж
Урт далавчтай гээд сайнаас нь шилнэ
Угаалгын өрөө рүү байн байн гүйж
Үнэт цагаасаа хумслан чамд зав гаргана

Насан туршдаа нөхөрлөхгүй юм даа, яахав
Намуун байгалийн хишиг гэж бодож явъя
Нас бие гүйцсэн бүсгүй хүний цог гэж
Найраг дуундаа чамайг нэг мөнхлөөд авъя

Зохиогч Дусал үг

Tuesday, July 19, 2016

Цаг цагтаа

Цаг нь болоогүй байна даа, гэж би
Өөртөө шивнэлээ
Цамцаа өмсөөд жаварт гарч жаахан зогслоо,
Өөрийгөө сонслоо
 
Залуу насны цус оргилж байна
Судас лүг лүг лугшиж байна
Зүрх түг түг цохилж байна
Салхины жихүүн намдтал би хүлээлээ

Цасан шуурга хэсэг намдсанаа
Нүүр нүдгүй дахин шуурч
Цаг хугацаа чамайг хүлээхгүй гэх шиг
Нөмгөн дээлийг шувт үлээв

Арай л эрт байна даа, гэгэлзэж,
Амраг хайртаа далдхан хайж дэрвэлзэх чинь.
Аясын салхийг удирдаж болдоггүй шиг
Ассан дурлал цагаа болохоор ирнэ гэж

Совин минь надад хэлж байна
Сэрүүнээс сэрүүн зүүд шившиж байна
Сэм сэмхэнээр онгод орж байна
Сэрэл мэдрэмж бүрнээ онгойж байна

Суу билгийн охин тэнгэр
Суллаач намайг гэж
Цээжин дотроос түрэн
Цээлхэн хоолойгоор дуулж байна

Залуу насны онгод билиг,
Зав зай, боломж бололцоо,
Завшаан азыг байгаа дээр нь
Замд хамт гаръя гэж дуудаж байна















Дурлалын дуунаас түрүүлж
Дуусаагүй үйл хэргийн симфонийг
Бичиж дуусга гээд салхи исгэрч байна
Биелэх дугаар эрэмбийг сая л олж байна

Гэртээ ор, гэж би
Өөртөө шивнэлээ
Гацсан дурлалын туужаа
Өлөн зуух уруу шидлээ

Галын дөл улалзахыг үзээд
Цаг хугацаа намайг түлхэнэ
Гарамгай амжилтын роман
Цагаан хуудаснаа намайг хүлээнэ 

By Dusal Ug



Saturday, January 23, 2016

"Өөдрөг явахын өглөөний санамж"

Энэхүү 25 зарчмыг Өрнө Дорнын суутнууд Мартин Лютер, Махатма Ганди, Вилли Брандт, Тереза эх, дуучин Мадонна нар ягштал баримталж амжилтанд хүрчээ. 

1. Сэтгэлийн их тэнхээтэй бай. Хэн нэгэн таныг ивээнэ гэж бүү найд. Өөрөө өөрийнхөө чадлыг тань. Би чадна, би болгоно, би хийнэ гэж зүтгэ, өөртөө найд. Тэгвэл бүх юм бүтэх тавилантай.

2. Бусдын хийснийг ажигла, өөрөө бие дааж учрыг ухаар, нягт нямбай, тэсвэртэй байж, биеэ ажилдаа бүрэн дайчил, хичээж оролд. Хувийн алдаа нүглээ засаж залруул.

3. Зорилготой явж, түүндээ хүр. Дэмий юманд санаагаа бүү зовоо, хий хоосон мөрөөдөлд бүү авт, хийх бүтээх зүйлээ төлөвлөн бич. Саад учирваас юунаас болсныг мэд. Дахин оролдоод үз. Ингэхдээ анхны зорилгоо бүү март.

4. Хувийн амьдралдаа гол чиг замаа сонго. Нэг л зүйлийг гол ноён нуруу болго. Юм юмыг зэрэг амжуулдаг хүн ховор. Юуг дээдлэхээ залуугаасаа сонгож ав. Олон юмны хойноос хөөцөлддөг хүн юу ч үгүй хоосон хоцордог.

5. Хамтран ажиллах хүнээ зөв сонго. Чамайг өөд татах хүн байвал нөхөрлө. Инээсэн бүхэн нөхөр биш. Уурласан бүхэн дайсан биш гэдгийг сана.

6. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхээ урьд үдэш нь бичиж тэмдэглэ. Удаан, олон жил хийх ажил үйлсээ ч төлөвлөж бэлд.

7. Үе үе “үгүй” гэж хэлж сур. Ингэх нь эвгүй, өрөөлийн хүнд хэцүү байвч бүх юманд дуулгавартай, урсгалаар явдаг хүн өөдөлсөн нь ховор.

8. Өөрийгөө бүү гол. Хувийнхаа шилдэг чанарыг улам улам “зүлгэн” өнгө оруул, муу зуршлаас бага багаар сал, даргынхаа анхаарлыг яаж татах вэ, юугаар баярлуулах вэ гэж бод. Бас дутагдлаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь цөөн.

9. Өдрийн аль цагт хамгийн бүтээлтэй ажилладгаа мэдэж ав. Тэр мөчийг хооллох, утсаар ярих мэтэд бүү зориул, хийх юмаа түрүүлж барьж ав. Их хүч, ухаан шаардахгүй зүйлийг бие суларсан үед хийж бай. Цагаа юун дээр алддагаа ажиглаж, ахин давтахгүйг хичээ. Бодох санах, амрах цагаа ч зохицуул.

10. Хийх гэж буй зүйл үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.

11. Цухалдаж бачимдахгүй бай. Ажлаас, хамт олноос, даргаас болов уу гэдгийг тогтоо.

12. Ядарч, ажлаа амжихгүй бол хойш тавиад, ийм л байдаг байж гээд зөнд нь орхи.

13. Үе үе хөдлөх, босох, суух, явган алхахыг хослуул. Үнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч явах хэрэгтэй. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг.

14. Сайн сайхныг мөрөөд. Уруу гутрангуй үзэл сайн юманд хүргэхгүй. Үүнээс ч их юм хийж чадна гэж биеэ зоригжуул.

15. Зүрх алдалгүй хийх юмаа барьж ав. Ажлаа хаанаас нь, юуг голлож бүтээхээ бод, сэтгэ. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоол. Үр дүнгий нь хянаж шалга.

16. Үүргээ хуваарилж ав. Дарга ч байсан, даамал ч байсан хувийн хариуцлагаа ухамсарла. Бусдын ухаан, чадал чадварыг зорилгодоо ашигла.

17. Бусдыг урамшуулж, танил нөхөр, үр хүүхэд, эхнэр/нөхрөө ашигтай юманд зоригжуулан ятга.

18. Хойш нь бүү тавь. Хийх гэж дурласан ажлаа нэн даруй хий.

19. Бусдын үгийг нухацтай сонс. Хүний хэлснээс хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь гээ. Хүний яриаг бүү тасла, анхааралтай чагна.

20. Ямар бэрхшээл төвөг учрахыг урьдчилан тооцож бай. Ингэвэл цаг хугацаа, хүч хэмнэнэ. Мөн зорьсондоо хүрэхэд хялбар.

21. Мэдрэхүй, зөн совиндоо үе үе итгэ. Дан ухаанаар бүгдийг дийлэхгүй байх үе бий. Хааяа хий мөрөөдөж уран сэтгэмжээ хөгжүүл.

22. Даруу бай, алдаагаа хүлээхэд саад болдог бардам зан, хулчгар явдал хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авах нь амжилт олохын нэг үндэс.

23. Хааяа хийж байгаа зүйлээ хэцүү гэдгийг бусдад ойлгуул. Хүнээс үг дуулах сайхан.

24. Бусдыг магтаж, өөрийгөө магтуулахад муу нь юу байх билээ. Урам зориг ордог биш үү. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусла.

25. Өөртөө их үүрэг ачаалал хүлээж сур. Тэгвэл их юм бүтээнэ. Биеэ тайван байлга. Бусад чинь оволзож байхад биеэ барьж гагцхүү зорьсноо биелүүлэхийг хичээ. Адилхан л мах цусанд төрсөн хүн.

Та өдрийг өөдрөг сайхан өнгөрүүлээрэй. 

Дусал Үг

Wednesday, October 15, 2014

Та таа, тунгаа

Ханагүй гэрт хаалга байх уу
Хадгүй ууланд хагд ургах уу
Хавцалгүй аманд янгир дүүлэх үү
Харьяагүй иргэнд зарлан ирэх үү

Загасгүй усанд тор хаях уу
Завьгүй далайд осол гарах уу
Захиагүй дугтуйнд хариу бичих үү
Зальгүй илбэнд хүүхэд хууртах уу

Дайны талбарт цус, дарь үнэртэхдээ
Дажингүй цагийн цэнийг хүн санадаг
Дандаа амар жимэр суусаар, залхахын цагт
Дайн тулаантай киног өөрсдөө тэд сэддэг

Эрүү тачигнах өвлийн жавар дунд
Эрлэг болж, амьтны халуун цус хөргөөд
Ээрэм талын эзэн чоно, үүрээр гэдрэг буцахдаа
Ээрсэн бэлтрэгнүүддээ юу гэж шивнэдгийг та мэдэх үү

Загас усандаа жаргалтай гэдэг хэр үнэн бэ
Загас өөрөө лав тийн өчсөн удаагүй
Завины ёроолд шидэгтэлээ усны ачийг мэдэлгүй
Заламгай нь хатахын алдад сая ухаардаг бол яана

Амьд явах дээдийн заяа гэж
Амьд хүн номлох нь инээдтэй
Үхэж үзсэн бол, яахав харин
Үзэж харьцуулаад хэлж байна гэх сэн

Загас шиг бид хэт оройтсон хойно л
Заяа таарч орчноо ажих хувьтай бол яана
Хувинтай цэвэр ус, хогийн муу усны алинд
Хоргодон амьдарч аснаа мэдэхгүй дуусвал яана

Навчаа нь Цэцгээдээ дуртай үгүйг
Навчаагаас өөр хэн ч мэдэхгүй
Нарны хувьд сар юу болохыг
Нэрт одон оронч ч хариулж зэхэхгүй

Чандагыг чоно идэж, чоныг хүн авладаг
Чухам аль дүрд нь та тоглоном бэ
Чиний ертөнц миний ертөнцтэй давхарддаггүй хорвоод
Чөтгөр нь үү, бурхан нь гэдгээ та таа, тунгаа

 












Зохиогч Дусал Үг

Tuesday, September 16, 2014

Epilogue

Ганцаар ирж ганцаар буцдаг орчлонд
Галын дэргэд сууж хамтдаа оддыг тоолох
Ганц хүнийг олох гэж бид урт амьдралыг
Гацаан байж энд хургадаг юм болов уу

                                                 By Dusal Ug

Wednesday, February 19, 2014

Эсрэг эм

Дурангаар харахад үзэгддэггүй
Дугаартай хуудсанд бичигдээгүй
Долгион соронзод ч баригддаггүй
Догь өвчин тусчээ би

Угаас нимгэн хэтэвч
Улам л нимгэрч
Улсын эмнэлгийн хүнд суртал
Улаан нүүрийг эсгэтэл, явлаа /явлаа/

Хувийн эмнэлэг ч орлоо
Хувь нэрдээ ч карт нээлгэлээ
Хууч өвчний минь оношилсон юмгүй
Хууч хөөрсөөр цаг нь дууслаа

Элдвийн тасаг, төвөөр
Эргүү тустлаа хэслээ
Эцэст нь өвчнөө умартаад
Эртхэн харихын түүс боллоо

Тахир дутуу, татсан хөшсөн
Тоймгүй олон амьтан үзсээр
Таарсан биедээ талархах шиг боллоо,
Тун чиг өвчин минь хэр олзуурхаа бол доо

Зохиогч Дусал Үг 

 
















Illustration by Davide Saraceno

Аялал гэдэг миний хувьд..

Аяллын утга учир нь буцаж ирэхдээ байдаг.  Эхэлсэн цэгтээ эргэн ирэх.  Харьж очоод догдлон хуваалцах гэж харах, хүрэх, амтлах бүх мэдрэ...